Энэхүү баримт нь эрх зүйн зөвлөгөөгөөр эцэслэгдээгүй ноорог хувилбар. Хянагдсан хувилбар гарахад энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлж, танаас дахин зөвшөөрөл авна.
1. Танилцуулга
Duguilan.mn (цаашид «Платформ») нь хүүхдийн сургалт, дугуйлан, давтлагыг эцэг эх, сурагч, багш, сургалтын төвтэй холбох цахим зуучлалын үйлчилгээ юм. Платформыг үзэх, хайхад бүртгэл шаардлагагүй. Бүртгүүлэх, хүсэлт илгээх, сургалт нийтлэх үед та энэхүү нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөө тэмдэглэнэ.
2. Бүртгэл ба нэвтрэлт
Платформд бүртгүүлэхдээ та өөрийн утасны дугаарыг ашиглаж, тэр дугаараасаа 144773 руу нэг SMS илгээж баталгаажуулна. Уг SMS-ийн төлбөрийг (150₮) таны үүрэн холбооны оператор таны дугаараас суутгана.
Бүртгэл эзэмшигч нь 18 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн байна. 18 нас хүрээгүй хүн Платформыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнхээ зөвшөөрөл, хяналтын дор ашиглана. Та өөрийн бүртгэлээр хийгдсэн бүх үйлдлийг хариуцна.
3. Үйлчилгээний хэрэглээ
Платформыг хууль ёсны, ёс зүйтэй зорилгоор ашиглана. Хуурамч мэдээлэл, хүүхдэд хор хохирол учруулах агуулга, бусдын эрхийг зөрчих агуулга байршуулахыг хориглоно. Ийм агуулгыг бид урьдчилан мэдэгдэлгүйгээр нуух, устгах, бүртгэлийг түр хаах эрхтэй.
4. Төлбөр
Платформ сургалтын төлбөр хүлээн авдаггүй, урьдчилгаа авдаггүй. Сургалтын төлбөр, буцаалтын нөхцөлийг та сургалтын төвтэй шууд тохирч, тэдэнд төлнө. Платформд нэвтрэхэд гарах цорын ганц зардал бол дээр дурдсан нэг SMS-ийн төлбөр юм.
5. Хүүхдийн мэдээлэл
Хүүхдийн нэр, төрсөн он, анги, сонирхол зэрэг мэдээллийг зөвхөн тухайн хүүхдийн эцэг эх буюу хууль ёсны төлөөлөгч оруулж, зөвшөөрөл өгнө. Хүүхдийг бүртгэх болон сургалтын төвд хүсэлт илгээх үед бид юуг, ямар зорилгоор, хэнд дамжуулахыг тухайн дэлгэц дээр танилцуулж, таны зөвшөөрлийг тусад нь авна.
Бусдын хүүхдийн мэдээллийг хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр оруулахыг хориглоно.
6. Эрх, хариуцлага
Сургалтын чанар, агуулга, хуваарь, үнэ, аюулгүй байдлын хариуцлагыг сургалт явуулагч төв, багш бүрэн хүлээнэ. Платформ нь зуучлалын үүрэгтэй бөгөөд эцэг эх, сургалтын төвийн хооронд байгуулагдах гэрээний тал биш. Сургалтын төвүүд Сургалтын төвийн нөхцөлийг тусад нь хүлээн зөвшөөрдөг.
7. Нөхцөлийн өөрчлөлт
Энэхүү нөхцөл өөрчлөгдөхөд шинэ хувилбарыг огноотойгоор энэ хуудсанд нийтэлнэ. Шинэ хувилбарыг зөвшөөрөх хүртэл та Платформыг үзэж, хайж болох боловч хүсэлт илгээх, хүүхэд бүртгэх, сургалт нийтлэх зэрэг үйлдэл хийхийн өмнө шинэчилсэн нөхцөлтэй танилцаж, зөвшөөрнө. Таны хэзээ, аль хувилбарыг зөвшөөрсөн тэмдэглэлийг бид хадгална.
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцож, тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
8. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар: anand21mn@gmail.com эсвэл +976 8020 1929.